Завхан аймаг “Тэнгэрийн энтэй” нэртэй шинэ дуутай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-06 23:03:51
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Тэнгэрийн энтэй” нэртэй шинэ дуутай болжээ. Энэхүү дууны шүлгийг УИХ-ын дэд дарга, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржид захиалж, найрагч шүлгэндээ МУУГЗ Б.Бямбабаяраар ая данг хийлгэжээ.
"Тэнгэрийн энтэй" дууг Төмөр замын Дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, Эрдэнэхайрхан сумын уугуул дуучин Н.Дашдэмбэрэл дуулжээ. “Тэнгэрийн энтэй” дуунд
Цастай уулсын дунд нутаг минь байдаг даа
Цармын нь хөх салхи хийморь сэргээж тосдог доо
Хос вансэмбэрүү дуулан дуулан далладаг юм аа
Хоёр нүдний минь шүүдэр энэ л зүгт бөмбөрдөг юм аа
Мөнх цастай уулсаа би 
Мөнх л юм шиг санадаг аа хө
Амин хэлхээтэй энэ л нутагтаа 
Адуу шиг хөрвөөх сайхан, сайхан байдаг аа хө 
Дагшин нууруудын дунд нутаг минь байдаг даа
Догшин голынх нь ус гал дээр даргиж тосдог доо
Аргал янгиртай нурууд өндөс өндөс далладаг юм аа
Анирхан сэтгэлийн минь шүүдэр энэ л зүгт бөмбөрдөг юм аа хэмээн Завхан нутгийн өнгө төрхийг өгүүлж дүрсэлсэн байна. Энэхүү дууг Завхан аймгийн томоохон үйл ажиллагааны нээлтэд хүндэтгэлтэй дуулдаг ажээ. 
Холбоотой мэдээ