“Оюуны их сорилго” олимпиадад 23 сургуулиас 120 сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-06 16:07:56

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрэмжит  “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиадыг 3 дахь жилдээ зохион байгуулав.

Тус олимпиадад Ховд аймгийн ерөнхий боловсролын 23 сургуулийн ахлах ангийн шилдэг, тэргүүний 120 сурагч оролцож, математик, физик, сэтгэх чадвар, нийгмийн тухай мэдлэг, англи хэл гэсэн таван хичээлээр мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм.  

Энэхүү олимпиадын нэгдсэн дүнг аймгийн төв ба хөдөөгийн сумын сургууль гэсэн хоёр хэлбэрээр гаргажээ. 

Аймгийн төвийн сургуулиудаас тэргүүн байрт Цаст-Алтай цогцолбор сургууль, дэд байрт Прогресс сургууль, гуравдугаар байрт  ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, тусгай байрт Лаборатори 1 дүгээр сургууль тус тус шалгарчээ.

Мөн хөдөөгийн сумын сургуулиудаас тэргүүн байрт Булган сумын 1 дүгээр сургууль, дэд байрт Мөнххайрхан сумын сургууль, гуравдугаар байрт  Булган сумын Минжит булган цогцолбор сургууль, тусгай байрт Дөргөн сумын сургуулийн баг шалгарч, шагналаа гардан авав. 

Түүнчлэн шилдэг зохион байгуулалттай сургуулиар Мянгад сумын сургууль шалгарсан бол Манхан сумын сургууль "Шилдэг бүтээл"-ийн эзнээр тодорлоо. 

Залуу үeийнхний эрдэм боловсролоос ирээдүйн хөгжил дэвшил шалтгаална. Тийм учраас сурагчдын сурах орчинг сайжруулах, оюун мэдлэгийг тэлэх зорилгоор тус олимпиадыг зохион байгуулсан юм.

Энэ удаагийн олимпиад нь элсэлтийн ерөнхий шалгалтын  өмнө болж, ахлах ангийн сурагчид сурсан мэдсэнээ бататгах, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ.

Холбоотой мэдээ