Монгол банкны Ховд салбар “Банкны хөгжил 95 жил” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-03 14:56:48

Ховд /МОНЦАМЭ/. Банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол банкны Ховд салбар, бусад банкууд хамтран “Банкны хөгжил 95 жил” аяныг таван сарын хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Тус аяны зорилго банкны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, иргэд, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.   

Энэ хүрээнд Ховд их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнуудад зориулсан “Банкны үүсэл хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Монгол банкны Ховд салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ, тус банкны хянан шалгагч Л.Дүгэрсүрэн болон Хас банкны төлөөлөл, Ховд их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 1-3 дугаар ангийн оюутнуудын төлөөлөл гээд 30 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр банкны үүсэл хөгжил, төв банкны үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөнгөн тэмдэгт, нууцлал, мөнгөний бодлогын хүү, харилцагчдын эрх, үүрэг, оролцоо, өнөөгийн байдал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавигдах хяналтын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, оюутнуудын сонирхсон асуултад банкны салбарын холбогдох дүрэм, журмын хүрээнд хариулт өгч, харилцан санал солилцлоо.

Сургалтын дараагаар Ховд их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнуудын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, шилдэг оролцогчдыг тодруулсан юм. АХА тэмцээний тэргүүн байрт Ховд их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар ангийн оюутан Т.Цэцэгчулуун, дэд байрт тус ангийн оюутан Б.Энхмандал, гуравдугаар байрт Нягтлан бодох бүртгэлийн 1 дүгээр ангийн оюутан Б.Анхбаяр нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардан авав. 

Үүнээс гадна Монгол банкны Ховд салбарын хамт олон оюутан суралцагчдад оюуны их хөрөнгө оруулалт хийх, тэдний санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Ховд их сургуулийн номын санд Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутнуудад  зориулсан ном, сурах бичиг хүлээлгэн өгөв. 

Ховд аймагт 4 банк 290 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.  



Холбоотой мэдээ