Хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн наадамд 24 сургуулийн сурагчид оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-01 23:28:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн наадам болж байна.

Аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн наадам зохион байгуулж байгаа юм.

Энэхүү  наадамд Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцож байгаа бөгөөд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн дундах шалгаруулалт өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль нийт  8649 сурагчтай. Эдгээр сурагчийн  77.6 хувь буюу 6712 сурагч тус наадамд оролцлоо. Тэд хэмнэл сонсгол, хөдөлгөөн тэнцвэр, хэл өгүүлэхүй, логик харилцаа, хараа орон зайн мэдрэмжид суурилсан авьяас гэсэн 5 чиглэлээр энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ, авьяас, ур чадвараа хэрхэн хөгжүүлснээ тайлагнав.  

Энэ үеэр сургууль бүр өөр өөрийн онцлог, давуу тал, сурагчдын хөгжил, төлөвшил, ур чадварыг харуулсан шүлэг, дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлж, оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, уран зураг, гар урлал, техник технологийн үззсгэлэн гаргаж олны хүртээл болгосон юм. Ингэснээр хүүхэд бүр авьяас, ур чадвараа нээн илрүүлж, хөгжүүлэх боломж бүрдсэн төдийгүй хамт олонч сэтгэлгээ, хандлага, төлөвшилд суралцах нэгэн шинэ алхам болж байгааг сургуулийн төлөөллүүд онцолж байлаа.

Тус наадамд хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид оролцохдоо видео бичлэг хийж байгаа. Тухайн бичлэгээ аймгийн БСУГ-т ирүүлснээр нэгдсэн дүн гарах юм. Энэхүү наадмын төрөл тус бүрд 1, нийлбэр дүнгээр 1-3 дугаар байр шалгаруулах ба Жаргалант сумын 7 сургууль болон хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус тусдаа дүгнэнэ гэж зохион байгуулагчид мэдээллээ.

Энэ удаагийн наадам нь хүүхэд бүрийн оролцоог хангах, сурагчдад багаар ажиллах чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.  






 

Холбоотой мэдээ