Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгууллагууд давхардсан тоогоор 2000 орчим иргэнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-30 21:12:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжил политехник коллеж хамтран “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Энэ үеэр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон сайн дурын даатгалын талаар иргэдэд цогц үйлчилгээ үзүүлж, холбогдох зөвлөгөө мэдээлэл өгөв. 

Харин Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийгмийн халамж, ахмад насанд үзүүлэх үйлчилгээ, сэргээн засах, хөдөлмөр эрхлэлт, ажлын байранд зуучлах зэрэг олон төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, зорилтот үйлчлүүлэгч нараас санал асуулга, судалгаа авч, зөвлөн туслаж ажиллалаа.

Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн бөгөөд гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, улмаар оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр шинэлэг үйл ажиллагаануудыг зохион байгуулав. 

Хөгжил политехник коллежийн хувьд сургуулийнхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулж, мэргэжлийн ангиудын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дэлгэн харуулсан бөгөөд үсчин, гоо сайхны чиглэлээр суралцагчид иргэдэд газар дээр нь үйлчилгээ үзүүлсэн юм.

Ховд аймаг 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарлаж, Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ удаагийн  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгөөр дамжуулан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих томоохон ажлуудыг өргөжүүлсэн юм.

Энэ онд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд 200 гаруй иргэн хамрагдахаар санал хүсэлт ирүүлсэнээс үйлдвэрлэлийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 70 орчим хувиараа бизнес эрхлэгчид өдөрлөгийн үеэр бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулалт хийв.

Тус өдөрлөгөөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 4 байгууллага давхардсан тоогоор 2000 орчим иргэнд  төрийн үйлчилгээ үзүүлжээ. Тухайлбал, аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нийт  1196  иргэнд  хөдөлмөр  эрхлэлт нийгмийн халамжийн үйлчилгээг  үзүүлснээс  хөдөлмөр  эрхлэлтийн чиглэлээр  522,  нийгмийн халамжийн  үйлчилгээг  674 иргэнд  тус тус үзүүлсэн байна.

Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цогц үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгаад иргэд талархалтай байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг нь тус байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, салбарын цогц үйлчилгээг өргөжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцлон хэллээ.  

Энэхүү өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Олон улсын Хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын 60 жилийн ойн баярыг тохиолдуулан улс орон даяар зохион байгуулж байгаагаараа онцлог аж. 

Холбоотой мэдээ