“Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ" уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-30 15:15:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль, Күнзийн институт хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, болон Күнзийн институтийн суралцагчдын дунд “Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгууллаа. 

Тус уралдааны англи дууны төрөлд 141 оюутан, сурагч оролцсон бол хятад дууны төрөлд 20 оюутан, сурагч оролцож дуулах  ур чадвараа сорин өрсөлдөв.  

Үүнээс англи дууны төрөлд тэргүүн байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч З.Дөлгөөнгэрэл, дэд байрт ХИС-ийн НББ-1 ангийн оюутан Ж.Гантөгс, гуравдугаар байрт ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Д.Түвшин, тусгай байрт ХИС-ийн БАБ-II ангийн оюутан О.Удвал нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардан авлаа.

Хятад дууны төрөлд тэргүүн байрт ХИС-ийн ХХО-I ангийн оюутан М.Цэлмүүн, дэд байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Алтжин, гуравдугаар байрт ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн суралцагч н.Жаргалмаа, н.Ариунгэрэл, тусгай байрт ХИС-ийн ТНС-IV ангийн оюутан Б.Буянзаяа нар тус тус шалгарчээ.

Тэмцээний шүүгчээр МУСТА, ХИС-ийн ахмад багш Ч. Ваша, ГХСС-ын тэнхимийн зочин багш Моника Веллер, тус тэнхимийн багш Ц.Ичинхорлоо, Д.Ундармаа, Күнзийн институтийн багш Чао Ян Пин нар ажиллалаа.

“Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ" уралдааныг “Америкийн соёлын өдрүүд” болон “Хятадын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулснаараа онцлог юм. 

Холбоотой мэдээ