“Байгаль орчноо хамгаалахад иргэн таны оролцоо" видео бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-26 23:06:55

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ, ХААН банкны Ховд дахь салбар, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран "Байгаль орчноо хамгаалахад иргэн таны оролцоо" сэдэвт видео бүтээлийн уралдаан зарлаж шилдэг оролцогчдыг тодрууллаа.

Уралдааны зорилго нь байгаль орчны салбарын хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлах, хууль сахин мөрдөлтийг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх замаар хүүхэд багачуудыг хүрээлэн буй орчин, амьтан, ургамлыг хамгаалах, хайрлах сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх, тэдний мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэж байв.

Энэхүү уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-Алтай, 2, 3, 7 дугаар сургууль болон Чандмань, Манхан, Мөнххайрхан сумын сургууль, Гэгээлэг Ховд төсөл, уран бүтээлч н.Мөнхзоригийн бүтээл зэрэг 10 видео бүтээл өрсөлдсөн байна.

Уралдааны тэргүүн байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн эко клубын 11 улиас багийн "Эх дэлхий минь яагаад уйлав" видео бүтээл шалгарчээ.

Харин  дэд байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Нахиа эко клубын "Байгаль орчны хууль, хандлагын талаарх" видео бүтээл, гуравдугаар байрт Мөнххайрхан сумын сургуулийн Цаст Гялбаа эко клубын сурагч Б.Бат-Эрдэний "Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая" видео бүтээл тус тус шалгарч, шагналаа гардан авав.

Зохион байгуулагчид хэлэхдээ, уралдаанд ирүүлсэн бүтээл тус бүр өөрийн гэсэн онцлогтой, нийгэмд өгөх эерэг мессежийн хувьд шинэ соргог, анхаарал татахуйц байна. Мөн байгаль орчны салбарын хууль тогтоомжийг сурталчилсан, уриалсан, сахин мөрдөлтийг нь дээшлүүлсэн, байгаль орчноо хайрлан хамгаалахыг үлгэрлэсэн зохиомж нь ард иргэд, хүүхэд багачуудад чухал ач холбогдолтой гэлээ. 



Холбоотой мэдээ