Адууны ям өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-23 15:35:11

Энэ сарын 07-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр баг хуучнаар /Найрамдал хотхон/-ны орчимд адууны ям өвчин гарчээ.

Ям өвчнөөр өвчилсөн тохиолдолд тухайн адууны ам хамраас идээтэй зүйл гарах, нус гоожих, хамрын салст бүрхүүл дээр идээгээр дүүрсэн яр үүсэж, толгой, хүзүү, гуяны дотор талын арьсанд яршилт үүсэх, уушиг үрэвсэж хавагнах  зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Аймгийн мал эмнэлгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтнууд өвчилсөн 7-8 адууг устгалд оруулж ойр орчмын адуун сүрэгт малын сорил тариа хийснээс гадна малын эзэнд адуугаа бусад айлын адуутай нийлүүлэхгүй байх, солихгүй байх, зарж борлуулахгүй байх талаар зөвлөмж чиглэл өглөө.

Сорил тариа хийснээс хойш ойролцоогоор 2 жил орчмын хугацаанд адуун сүрэгтээ онцгой анхаарал тавих ёстой байдаг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ