Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичигт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-18 17:00:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг Япон улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ХНХ-ын сайд С.Чинзориг, Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитат нар “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.


Монгол, Япон улстай Ур чадвартай техникийн дадлагажигч илгээх санамж бичгийг 2017 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэй 76 байгууллага Япон руу дадлагажигч илгээх ажлыг хариуцаж буй юм. Харин шинээр байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу энэхүү ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцах юм. Энэ нь төрийн холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, зөвшилцөх механизмыг бүрдүүлэхийн хамт хууль бус зуучлах үйл ажиллагааг зогсоох сайн талтай аж.



Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг, Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуульдаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны дотор манай улсыг багтаасанп талархал илэрхийллээ. Энэ нь монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах боломж гэдгийг дурдсан юм. Тэрбээр, "Энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчууд Японд хөдөлмөрийн гэрээний дагуу япон хүнтэй адил нөхцөлд, ижил цалин хөлстэй ажиллах боломж бүрдэнэ. Мөн монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох сайн талтай" хэмээв.


Харин Япон улсын Хууль зүйн сайд Такаши Ямашита санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны найрсаг харилцаа салбар бүрт гүнзгийрч буйн илэрхийлэл гэлээ.

Холбоотой мэдээ