Үенч сумын эрүүл мэндийн төвд мобайл тоног төхөөрөмжүүд олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-16 21:46:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь“ төсөл хэрэгжиж байна.

Төслийн зорилго нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмзэг бүлгийн хүн ам болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд чиглэж байгаа юм.

Төслийн хүрээнд Үенч сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, цусны даралт хэмжигч аппарат, сахар, холестрол хэмжигч, 4 төрлийн хурдавчилсан оношлуур, шинжилгээ авахад хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл, Ipad зэрэг мобайл тоног төхөөрөмж олгов.

Ингэснээр сумын нийт хүн амын 60-70 хувьд, зорилтот болон эрсдэлт бүлгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна гэж албаныхан мэдээллээ. 

Үенч сум нь аймгийн төвөөс 350 км зайд байрлах ба хамгийн алслагдсан баг нь сумын төвөөс 150-160 км-т байдаг.   

Энэхүү төслийг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан хамтран хэрэгжүүлж байгаа юм.

 

 

 

 


Холбоотой мэдээ