Цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-15 21:30:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Засгийн газрын тогтоол, Ховд аймгийн Засаг даргын А/200 дугаар захирамжийн дагуу “2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах, халах, цэргийн албыг гэрээгээр хаах нэгдүгээр цэргийн бэлтгэл үүрэгтэнг элсүүлэх ажил” энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд болно.  

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны халалт, татлагыг удирдан зохион байгуулах зорилго бүхий “Цэрэг татлагын товчоо” байгуулжээ.

Цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.

Тиймээс цэрэг татлага зохион байгуулж буй дээрх хугацаанд иргэдийг бүртгэл, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриалав.

Цэргийн алба хаах замаар эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадварыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулдаг юм.


Холбоотой мэдээ