"Уулсын дуулал" яруу найргийн цомгийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-11 22:19:13

Ховд /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын “Уулсын дуулал” яруу найргийн цомгийн нээлт Хөгжимт драмын театрт боллоо.

Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар нь Ховд аймгийн Дуут сумын харьяат бөгөөд тэнгэрийн оронд залраад жилийн нүүр үзэж буй. Монголын утга зохиолд мөнгөн үеийн найрагчидтай эн чацуу, ямагт өөрийнхөөрөө байж, шүлгийн шад бүхэн нь хүний сэтгэлд хүрч чадсан найрагчаа Ховдынхон нэгэн үдэш хамтдаа дурсаж, түүний уран бүтээлийн ололт амжилтын тухай ярилцлаа.

“Уулсын дуулал” яруу найргийн цомгийн нээлтийг түүний эхнэр Б.Гантуяа санаачилсан бөгөөд “Эрдэнэбаатар” сан байгуулж, сангийн тэргүүнээр түүний охин Э.Янжинлхамыг сонгов. Энэхүү сангийн үйл ажиллагаа залуу яруу найрагчдыг дэмжих, тус уран бүтээлчийн зохиолыг  судлах, хойч үедээ өвлүүлэхэд чиглэх юм. 

Яруу найргийн цомгийн нээлтийн үеэр “Урианхайн хөх уулс” шүлгийг нь уншсан бөгөөд зарим шүлэгт нь тууль, цуурын ая эгшгээр хөг нэмж,  дуу болсоныг үзэгчдийн хүртээл болгов. 

Монголын мөнгөн үеийн яруу найрагчдын гол төлөөлөгч Х.Эрдэнэбаатар нь “Сарны жим” яруу найргийн анхны шүлгийн түүврээрээ утга зохиолын салбарт хөл тавьж, яруу найргийн "Гуну" урсгалыг өөрийн номын багш О.Дашбалбарын хамт үүсгэсэн уран бүтээлч билээ.

Тэрбээр “Ойрад аялгуу”, “Сэргэн мандлын сар”, “Хат урсгал”, "Зүүн гарын эзэнт шүлэгс" зэрэг яруу найргийн ном туурвижээ. 

Түүний уран бүтээл, авьяас билгийг төр засаг болон мэргэжлийн байгууллагаас өндрөөр үнэлж Ховд аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "Алтайн дуулал" наадмын хошой тэргүүн шагнал, 1995 онд МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1999 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2001 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны “Болор цом" наадмын эзэн, 2016 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнаж байв.



Холбоотой мэдээ