Сумдад нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-11 10:24:30

Ховд /МОНЦАМЭ/. “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийн хүрээнд сумдад “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГхолбогдох байгууллагуудтай хамтран сумын иргэдэд төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах, тэдний санал хүсэлтийг сонсох, шийдвэрлэх, зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 17 сумын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-18-ны өдөр зохион байгуулж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Булган суманд ажиллаж байгаа бол аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллав.

Буянт сум нь 3700 гаруй хүн амтай, 912 өрхтэй. Эдгээрээс 350 орчим өрх нь газар тариалангийн салбарт хөдөлмөрлөж, 2018 онд 20 мянган тонн төмс, хүнсний ногоо, 10 мянган тонн хадлан бэлтгэсэн байна.

“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний эхэнд Буянт сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээЭнэ үеэр иргэдийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, суманд стандартын шаардлага хангасан халуун усны барилга барих, байгаль хамгаалал, газар эзэмшилтэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэх зэрэг санал хэллээ.

Мөн Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хөгжил политехник коллежийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд шаардлагатай мэдээлэл хийж, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллалаа.

 

 


Холбоотой мэдээ