Есдүгээр цэцэрлэгийн хамт олон Буянт багийн 24 гудамжинд цэвэрлэгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-04 15:45:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БСУГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хоггүй орчин-Ногоон ирээдүй” аяны хүрээнд Жаргалант сумын Есдүгээр цэцэрлэгийн хамт олон энэ сарын 3-ны өдөр Буянт багийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд цэвэрлэгээ хийлээ. 

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг иргэн бүрт төлөвшүүлэх, хүүхэд багачууд, залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой тус цэвэрлэгээний ажилд  Есдүгээр  цэцэрлэгийн хамт олон болон эцэг эхчүүдийн төлөөлөл  30 орчим хүн оролцов.

Энэ ажлын хүрээнд тус багийн нутаг дэвсгэрийн 1200 мкв талбай буюу 24 гудамжийг цэвэрлэж, 20 тн хогийг 10 машинд ачуулж, хогийн нэгдсэн цэгт хүргэсэн гэж албаныхан мэдээллээ.   

Жаргалант сумын Буянт баг нь 8883 өрх айл, 3268 хүн амтай. Тус багийн нутаг дэвсгэр Буянт голд ойрхон  байдаг  учраас голын  ус бохирдох  эрсдэл өндөр байдаг байна. Тиймээс  голын ай сав газрыг хамгаалах, хоггүй, цэвэр цэмцгэр болгох зорилгоор тус багт оршин суугаа иргэн бүр идэвх санаачилга гаргаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа  цаашид тогтмол цэвэрлэхийг  Есдүгээр цэцэрлэгийн хамт олон уриалав. 

Холбоотой мэдээ