Цэрэг-Спортын “Дөл” тэмцээнд 140 гаруй сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-22 17:03:55

Ховд /МОНЦАМЭ/. Жаргалант сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Цэрэг-спортын “Дөл” тэмцээн зохион байгуулж 140 гаруй сурагч оролцож байна.


Зэвсэгт  хүчний  98 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн БСУГЗалуучуудын холбоо хамтран өсвөр үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, батлан  хамгаалах салбар, зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн  ахлах ангийн сурагчдын дунд Цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг  хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.  

Тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль тус бүрээс  9,10 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн нэг салаа оролцож байгаа юм. Салаа тус бүр 21 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд салааны бие бүрэлдэхүүн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг  хангах  тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувцсаар жигдэрсэн байлаа.

Тэмцээний нэгдүгээр үе шатанд оролцогчид Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн жагсаалынталбайд цугларч, зэвсэггүй гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын 1, 2 дугаар 16 тоот дасгал, галын бэлтгэлийн 12,13 дугаар норматив, жагсаалын үзүүлэх тоглолт гэсэн 4 төрлийн шалгуур үзүүлэлтийг гүйцэтгэн өрсөлдлөө.  

Харин тэмцээний хоёрдугаар үе шатанд 2000 метрийн марш гүйлтийг ерөнхий цэргийн саадын зурвас туулах, 2 өнцөг бүхий азимутаар явах, үй олноор хөнөөх зэвсгийн нэгдүгээр норматив биелүүлэх, гранат тойрогт шидэх, эрэгтэй савлуурт суниах ба эмэгтэй гар дээр суниах гэсэн 5 төрлөөр хийж гүйцэтгэсэн юм. Мөн оролцогч тус бүр нэг удаа буудлага хийв. 

Цэрэг-спортын “Дөл” тэмцээн нь өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгож, улмаар эх орноороо бахархах  үзлийг  төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд өсвөр үе, залуучуудад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгодог. Түүнчлэн ирээдүйн шилдэг офицер, ахлагч нарын залгамж халааг бэлтгэж, цэрэг-иргэний харилцаа, эв нэгдлийг бэхжүүлдгээрээ онцлог гэж зохион байгуулагчид хэллээ.

Тэмцээнийг  Зэвсэгт хүчний 123  дугаар ангиас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулж, зохион байгуулалтын заавар, журмын дагуу салааны бие бүрэлдэхүүний  ур чадвар, гүйцэтгэлийн хугацааг харгалзан нэгдсэн дүнг гаргах юм.  

 

 

 


Холбоотой мэдээ