“Малчинд ойрхон мал эмнэлэг” зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-21 10:46:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас энэ онд “Малчинд ойрхон мал эмнэлэг” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлох, малын эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, малчдад төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор “Мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөн” зохион байгууллаа.   

Зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд, Үйлчилгээний 53 нэгжийн эмч нар, 17 сумын Тасгийн дарга, тархвар зүйчийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Мөн салбарын удирдлагууд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага ханган ажиллахад  тасаг, үйлчилгээний нэгжүүдийн  анхаарах зүйлс, эрх зүйн болон шинээр мөрдөгдөж байгаа дүрэм журмыг хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн тухай мэдлэг, мэдээлэл өгч, малын халдварт ба халдварт бус өвчлөлгүй аймаг болоход салбарын эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр  зүтгэл, мэдлэг, ур чадвар чухал үүрэгтэй болохыг онцлон хэлж байв. 



Цаашид малчдад мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлах, малчныг  хариуцлагажуулах, малын шилжилт хөдөлгөөнийг хянах, тарилга туулга, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.  

Тус зөвлөгөөнийг Мерси кор ОУБ-ын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар, Америкийн ОУ-ын  хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа LTS2 буюу “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2” төсөл,  Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, “Ногоон алт” төсөл зэрэг  байгууллагууд дэмжин хамтарч ажиллалаа.    

 

Холбоотой мэдээ