Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-07 17:45:56

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний зорилго нь эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгоход чиглэж байв. 

Зөвлөгөөнд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн захирал, тасаг албадын дарга нар, сум, өрхийн Эрүүл мэндийн төв, бусад мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 120 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож, үг хэллээ. Тэрбээр  хамт олны харилцаа хандлага, ажлын сахилга хариуцлагыг сайжруулах, иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарах шаардлагатай гэв. Энэ удаагийн зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.ЦогтбаатарЭмнэлгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга М.Баттүвшин, яамны зарим мэргэжилтнүүд оролцож, орон нутагт тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг судлан ажиллаж байгаагаараа онцлог байлаа. 

Ховд аймаг 80 мянга гаруй иргэнтэй. Тэдний эрүүл энхийн төлөө 1244 эмч, эмнэлгийн ажилтнууд сэтгэл нэгдэн ажиллаж байгаа бөгөөд энэ онд “Эх хүүхэд-Бидний ирээдүй” уриаг дэвшүүллээ. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд эрт нярай үеийн эндэгдлийн 17 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, сахин хамгаалахад анхаарч ажиллахаар болжээ.

Мөн эрүүл мэндийн салбарт энэ онд улсын төсвөөс 4,6 тэрбум, Орон нутгийн төсвөөс 657,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийх юм.   


Холбоотой мэдээ