Монгол Улсын аварга малчин М.Мөнхбат малынхаа эрүүл мэндэд онцлон анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-01-31 15:26:50

Ховд /МОНЦАМЭ/ Буянт сумаас төрсөн Монгол Улсын аварга малчин М.Мөнхбатад УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  аймгийн  Мал эмнэлгийн газрын дарга  Д.Батцэнгэл ажлын албаны хамт “Улсын аварга малчин” цол тэмдэг, цалин цагаан мөнгөөр бүрсэн таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл, үнэмлэх,  өргөө цагаан гэр, ХХААХҮЯ-ны  бэлгийн хамт гардуулж өглөө.

Монгол Улсын аварга малчин М.Мөнхбат 1992 оноос эхлэн 26 жил мал маллаж байна. Тэр 2008 онд сумын аварга малчин, 2012 онд аймгийн сайн малчин цолоор шагнуулжээ.

Сүүлийн 3 жилд том малын зүй бусын хорогдол гаргаагүй, 2016 оны төллөх 685, 2017 оны 740, 2018 оны 1184 эхээс 100,0-104,3 хувийн төл бойжуулж, мал сүргээ үр төлөөр нь өсгөж, 2016 онд 1402, 2017 онд 1652, 2018 оны эцэст 1730 толгой малтай болсон байна.

Хээлтэгч малыг тогтвортой өсгөж, хээлтэгчийн хувийн жинг бод малд 40,0-50,0 хувь, бог малд 55,0-56,7 хувьд хүргэсэн нь  мал сүргээ үр төлөөр нь өсгөх боломж бүрдүүлжээ.

М.Мөнхбат малгүй буюу цөөн малтай хоёр өрхөд 206 толгой мал өгч, хоёр залуу малчинг өөрийн шавь болгон мал маллах арга ухаанд сургаж байна.

Сүүлийн 3 жилд 280 малыг үржилд зориулан бойжуулж малчид, мал бүхий иргэдэд худалдаж, мал сүргийн чанарт анхаарчээ.

Тэрээр сум орон нутгаас зохион байгуулсан ургацын баяр, багийн төвийн байр барихад тус бүр 500,0 мянган төгрөгийн мөнгөн болон эд материалын хандив тусламж үзүүлсэн байна.

М.Мөнхбат мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малын эрүүл мэндийг хамгаалахад  анхаарч малын хавар, намрын угаалга, туулга, боловсруулалтыг чанартай  хийж хэвшжээ.


 

Холбоотой мэдээ