Улсын аварга малчин И.Чулуунбаатар эх орны торгон хилийн харуул гэдгээрээ бахархаж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-01-29 23:14:31

Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт Улсын аварга малчин, тариаланчид шагналыг нь гардууллаа.

Тэрбээр, Алтай сумын малчин И.Чулуунбаатар, Манхан сумын малчин А.Төртогтох, Буянт сумын малчин М.Мөнхбат нарт Улсын аварга малчин, Буянт сумаас тодорсон Улсын аварга тариаланч Р.Хаугажай, Мөст сумын малчин “Алтан хурга”-ны эзэн Х. Бямбацогт,  Үенч сумаас аймгийн аварга малчнаар тодорсон Н.Буянт нарынд зочлон, шагналыг нь гардуулжээ.

Алтай сум Барлаг баг сумын төвөөс 200 гаруй км зайд орших эх орны баруун хил Тахийн шар нурууны Улаан хадны Заставын хойд тал Харгана хашаа хэмээх газар өвөлжиж байгаа И.Чулуунбаатар малчныд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн  Мал эмнэлгийн газрын дарга  Д.Батцэнгэл нарын хамт “Улсын аварга малчин” цол тэмдэг, цалин цагаан мөнгөөр бүрсэн таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл, үнэмлэх,  өргөө цагаан гэр, ХХААХҮЯ-ны  гарын бэлгийн хамт гардуулж өгөв. Монгол Улсын сайн малчин И.Чулуунбаатар одоо  44 настай. Эхнэр  4 хүүхдийн хамт амьдардаг.

Сүүлийн 3 жилд том малын зүй бусын хорогдол гаргаагүй. 2016 онд 681, 2017 онд 895, 2018 онд 937 эхээс 100,0-104,3 хувийн төл бойжуулж, мал сүргээ үр төлөөр нь өсгөж,  2018 оны эцэст 1959 толгой мал тоолуулжээ.

Хээлтэгч малыг тогтвортой өсгөж, хээлтэгчийн хувийн жинг бод малд 40,0-66,7 хувь, бог малд 55,0-55,9 хувьд хүргэсэн нь  мал сүргээ үр төлөөр нь өсгөх үндсэн нөхцөл болж байна.

И.Чулуунбаатар 2016-2018 онд малгүй буюу цөөн малтай 6 өрхөд нийт 495 толгой мал өгч  малжуулсан нь түрүүч нь Сумын аварга малчин болжээ. Бас сумынхаа хөгжилд зориулж 8 сая төгрөгийн  хандив өгсөн байна.

Монгол Улсын аварга малчин И.Чулуунбаатарынх нарийн ноолуурт Алтайн улаан үүлдрийн ямааг өсгөн үржүүлж, сүүлийн 3 жилд 207 малыг үржилд зориулан бойжуулж малчид, мал бүхий иргэдэд худалдаж, мал сүргийн чанарт анхаарчээ.

Түүнийг эхнэрийнхээ  хамт анх  малчин болох үед ээж Цэвэлмаа цаг агаар сайн сонсож байгаарай гэж радио авч өгч  байжээ. Тэрээр гурван удаагийн цас зуданд малаа хорогдолгүй авч гарч байсан мал маллагааны өвөрмөц туршлагатай малчин юм.

Түүний өвөлжиж байгаа Тахийн шар нурууны Улаан хадны заставын ойролцоох Харгана хашаа хэмжээх нөмөр нөөлөгтэй, өвс, ургамал тэгширсэн, энэ сайхан нутагт одоо өвөлжиж буй  буурин дээр түүний хүргэн ах Хөнхөө Монгол Улсын аварга тууварчин хэмээх эрхэм шагналыг гардаж байсан түүхтэй. Монгол Улсын аварга малчин И.Чулуунбаатар буянт малаа өсгөхийн зэрэгцээ эх орныхоо торгон хилийн харуул,энх цагийн хилчин  гэдгээ бахархан хуучиллаа.


Монгол Улсын аварга малчин А.Төртогтох малынхаа сүргийн бүтэц, чанарт анхаардаг

Манхан сумаас төрсөн Монгол Улсын аварга малчин цол хүртсэн  А.Төртогтох  1956  онд  төрсөн.  Хүүхдүүдээс нь өрх тусгаарлаж 6 өрх айл болоод байна. Тэднээс хоёр хүү нь аавтайгаа хамт мал маллаж байгаа ажээ. Эхнэр Л.Баяржаргал сааль сүүгээ базаах, үр хүүхдээ өсгөж, эрдэм боловсрол эзэмшүүлэх,малч ухаанд сургах ар талын бүхий л ажлыг амжуулдаг. 


А.Төртогтох  1992 он хүртэл 20 гаруй жил Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл татан буугдсанаас хойш мал маллах болжээ. Улсын аварга малчин Л.Ядмаа, Л.Соосор, Л.Баатар, Б.Зоноров, Монгол Улсын Гавьяат малчин Х.Эрдэнэ нарын мал маллагааны арвин туршлагыг өвлөж яваа аж. 1996 онд сумын аварга, 2002 онд аймгийн аварга малчин цолоор шагнуулж, 2014 онд ХХААХҮЯам, МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан хурга”-ны эзэн болсон юм.

Сүүлийн 3 жилд том малын зүй бусын хорогдол гаргаагүй. 2016 оны төллөх 1224, 2017 оны 1374, 2018 оны 1467 эхээс 100  хувиар төл бойжуулж, мал сүргээ 5 төрөл дээр нь үр төлөөр нь өсгөж, мал маллах арга ухаанаа залуу хойч үедээ өвлүүлэн, гурван залуу малчин  төрүүлжээ.

Хээлтэгч малыг тогтвортой өсгөж хээлтэгчийн хувийн жинг бод малд 40,0-50,0, бог малд 55,9-56,1 хувьд хүргэж,  мал сүргээ үр төлөөр нь өсгөдөг.

Мөн Хар ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч ан, амьтан хамгаалах байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж Жаргалант хайрханы өвөр бэлээр нутаглаж, мал сүргээ отроор хариулдаг.

Монгол Улсын аварга малчин  А.Төртогтох  2016-2018  онд 1103  малыг үржилд зориулан бойжуулж малчид, мал бүхий иргэдэд худалдаж, малын сүргийн бүтэц, чанарыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулжээ. Тэрбээр Зэрэг гол багт хурдан удмын адуун сүргийг үржүүлж, аймгийн Алдарт уяач юм.


Монгол Улсын Тэргүүний тариаланч Р.Хаугажайн хувьд  нас бол зүгээр л тоо гэнэ


Монгол Улсын тэргүүний тариаланч цол хүртсэн Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Р.Хаугажай  76 настай. Эхнэр М.Дамешийн хамт амьдардаг. Р.Хаугажай  анх 1957 оноос эхлэн газар тариалангийн салбарт ажилласнаас хойш одоог хүртэл тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна. Түүний хувьд нас бол зүгээр л тоо аж.

1957-1958 онд морин анжсаар газар хагалж байсан, 1959 оноос эхлэн Бригадын дарга Хүдэр, Гончигдорж ахлагчтай Буянт сумын Машинт механиксан салаанд ДТ-54, ЮМЗ-50 тракторын  плүк дээр сууж газар хагалах болжээ. 17 настай Хаугажай тухайн үедээ механикжсан салааны хамгийн залуу атар газар эзэмшигч байжээ.


Р.Хаугажай нь 1960-1964 онд  Долоогийн газар 30 га газар усалгаат Улаан буудай тариалж, га -аас 18-22 ц ургац хураан авч 1963 онд нэгдлийн аварга тариаланч болж байжээ. 

Р.Хаугажай Улсын хошой аварга Б.Өвкэйтэй хамтран үрийн эрдэнэшиш, төмс тариалж 1964 онд Улсын аваргын болзол ханган Ховд сумын Тариалан нэгдэлд цахилгаан станц, 1965 онд улсын хошой аваргын болзол дахин ханган Тариалан нэгдлийг ГАЗ-69 машин, 2 авдар ёотон, 15 м даалимбаар шагнуулж байсан сонин дурсамжаа хуваалцлаа.

Тэрээр хүүхдүүд нь бүгд газар ьаралангийн салбрт ажиллаж байна. Хүү Х.Силамыг агрономич, хүү Х.Силамияг тракторч, комбайнч мэргэжил эзэмшүүлээ. Хүү Х.Силамия нь 2009 онд Улсын Тэргүүний тариаланчаар шалгарч байжээ. 

Р.Хаугажай  төмс хүнсний ногооны үрийг  сайжруулан эрт ургацын астела, импала сортын үр авч га-гаас 28-30тн, улаан буудайг га-аас 19-21 центнер хураан авч, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж байна. 

Буянт суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ургацын баярын хамгийн том хүнсний ногоо шалгаруулах уралдаанд 2014 онд “Хамгийн том төмс” шалгаруулахад 1250 г төмсөөр 3 дугаар байр, “Хамгийн том тарвас” төрөлд 16145 гр тарвасаар 2 дугаар байр, харин  2017 онд “1320 гр төмсөөр 2 дугаар байр, 535 гр сонгиноор 3 дугаар байр тус тус эзэлж байжээ.

Түүнийг Монгол Улсын тэргүүний тариаланч цол тэмдэг хүртэж байгаа торгон агшинд  баярыг нь хуваалцахаар нутгийн буурлууд ахан дүүс цугларч, түүний ах 84 настай Х.Хочбай, 76 настай Улсын аварга тариаланч цол хүртсэн Р.Хаугажай, 75 настай Х.Хозай нар гурвуулаа төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоо зүүцгээж, Улсын аварга тариаланчийн баярыг чимж  байв.

Холбоотой мэдээ