Шатар сонирхогчдын улсын аваргууд тивийн аваргын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн болон хоёр, гуравдугаар байр эзэлсэн шатарчид өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаа гардлаа.
Уг шагналыг УИХ-ын дэд дарга
Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 27 жилийн ойн өдөрт
зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр болсон хүчит 256 бөхийн
барилдааны хоёрын давааны дараа шатарчдад гардуулан баяр хүргэсэн юм.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд нийт 134 шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн ЧД-ийн Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар тус тус шалгарсан юм.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн БЗД-ийн оролцогч Ө.Уянга тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцсон Г.Ариунбаяр удаалж, Төв аймгийн Д.Баасанжаргал гуравдугаар байрт шалгарсан. Шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд тус тус тодорсон юм.
Мөн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангажээ. Тэмцээнд түрүүлсэн шатарчид Азийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон байна. Дашрамд дуулгахад, Төрийн ордонд болсон энэ тэмцээний шагналт болон тусгай байрт шалгарсан тамирчдад шагналыг УАШТ-ий хаалтын үеэр гардуулсан юм.