Ховд аймаг Датун хоттой аялал жуулчлал, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-01-02 21:40:26

Ховд/МОНЦАМЭ/Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан тэргүүтэй ажлын хэсэг БНХАУ-ын Шанси мужийн Датун хотод шинэ оны өмнө ажлын айлчлал хийлээ.


Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ –ын эдийн засгийн хамтын ажиллагааны форум, хоёр орны худалдаа, үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.

БНХАУ-ын Шанси мужийн Датун хоттой найрамдалт хотуудын харилцаа хамтын ажиллагааг эхлүүлж, агаарын бохирдол, хог хаягдлыг дахин боловсруулах, хот тохижилт ногоон байгууламжийг байгалийн унаган төрхтэй хослуулан хөгжүүлэх сайн туршлагаас судалжээ.

Мөн дэд бүтэц, бүтээн байгуулалт, мал аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын салбарт урт хугацаанд хамтран ажиллаж, авто зам, цахилгаан хангамж, шугам сүлжээг барьж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, хотын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг талууд хэрэгжүүлэхээр зөвшилцөж, санамж бичигт гарын үсэг зурав.
2019 оны эхээр Шанси мужийн Датун хотоос үйлдвэрлэл, худалдаа, аялал жуучлал, хот тохижилтын чиглэлээр мэргэжлийн хүмүүс хүрэлцэн ирж утаа бууруулах, гэрэлтүүлэг ногоон байгууламжийн талаар судалгаа хийж, харилцан хамтран ажиллах гэрээ байгуулах юм.

Холбоотой мэдээ