Журам зөрчин төлөөлөгчдийг чадавхжуулахад 80 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-14 12:13:13

Ховд /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Ховд  аймагт энэ сарын 5-7 ны өдрүүдэд ажиллаж, шалгалтын дүнг танилцуулав.

2017 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулахад 80 сая төгрөг зарцуулахдаа “Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон” тухай журмын зохицуулалтыг зөрчсөн байна. Энэ санхүүжүүлтээр аймаг орон нутгийн төлөөлөгчдийг гадаад улс оронд туршлага судлуулахаар, мөн танилцах аялалд явуулсан ч гүйцэтгэлийг эргэж тайлагнаагүй, энэ чиглэлийн баримт материал тайлан  гаргаагүй байжээ. 

Ажлын хэсэг АТГ-аас өмнө нь Ховд аймгийн удирдлагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахад ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгогдоогүй байтал орон нутагт баяр наадмын төсөв батлах, төрийн өмчийн түрээсийн төлбөр хураамжийн хэмжээ тогтоох, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох журам батлах, мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлс тогтоох, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохын зэрэгцээ захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр журам дүрэм баталж, даган мөрдүүлэх зөрчлүүд зогсоогүй байна.

Тиймээс ажлын хэсгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 8 тогтоолыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгуулах саналаа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сандагсүрэнд хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

Холбоотой мэдээ