Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-25 16:02:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Х.Баделхан болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар АХБ-ны төсөл хариуцсан мэргэжилтнүүдийн хамт өнөөдөр “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой АХБ болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөснөөс төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 318 га газарт нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчин бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаагаас одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавиад байна. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусчээ. Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой ажил хийх юм. Эдгээр ажлаас танилцуулбал:


  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа хийдийн хойд талд 1000 ам дөрвөлжин усан сангийн барилгын угсралтын ажил, “Сэлбэ” дэд төвийн усан сан, насос станц болон ус дамжуулах шугам хоолой нийлүүлж суурилуулах ажлыг “Санжит” ХХК хийж гүйцэтгэж  байна.

  • Мөн хорооны нутаг дэвсгэрт 2.1 км-ын урттай үерийн хамгаалалтын суваг, 500 м-ийн урттай замын ус зайлуулах хоолойг “Экспресс Зам” ХХК тус тус гүйцэтгэж байна.

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Баянцагааны 10-р гудамжинд 240 хүүхдийн цэцэрлэг болон “Бизнес инкубатор” төв, МСҮТ-ийн барилгыг “Ус орчин” болон “Томо бюлдинг”, “Би Эм Си Эм” ХХК-иуд барьж гүйцэтгэж байна.

  • Мөн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошуу тойргийн хойд талын Хийдийн урд “Баянхошуу” дэд төвийн үерийн хамгаалалтын сувгыг “Хангилцаг” ХХК хийж байна.


Мөн “Сэлбэ” дэд төвийн Дулааны станц барих ажлыг сантехник, барилга угсралтын “Хүрд” ХХК зураг төслөөс аваад угсралт, ашиглалтанд хүлээлгэн өгөх төслийн шугмаар ажиллаж байгаагаас зураг төслийн ажил дуусч, өнөөдрөөс суурийн угсралт, цутгалтын ажил эхэлсэн талаар тус компанийн ерөнхий инженер танилцуулсан юм. Бүтээн байгуулалттай танилцсан БХБ-ын сайд Х.Баделхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, задлан төвлөрлийг сааруулах чиглэлээр хийж байгаа хамгийн том төсөл нь энэ юм. Хот хөгжүүлэх гол асуудал инженерийн дэд бүтэц байдаг.


Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц барина.Инженерийн дэд бүтэц тавьсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ. Цаашдаа энд шинэ төв, шинэ хот бий болно” гэлээ. Төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор төв, МСҮТ-ийн барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны 4700 гаруй хүүхэд байгаагаас 2740 орчим нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноос сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63 хувиар нэмэгдэх юм. Цэцэрлэгийг 10 дугаар сарын 15-нд, МСҮТ-ийн барилгыг 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. 

 

 


Холбоотой мэдээ