Унгар онц байдал зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-16 11:00:34

БУДАПЕШТ. /ВВС/. Цагаачид болон орогнол хүсэгчид олноороо цувж байгааг зогсоохын тулд Сербитэй хиллэдэг өмнөд нутгийнхаа хоёр мужид Унгар онц байдал зарлажээ.

Онц байдал зарласан тухайгаа тус улс өчигдөр мэдэгдсэн байна.

Цагдаа нар хэдийн харуул хамгаалалтад гарсан хилийнхээ дагуу тус улсын Засгийн газар мөн цэрэг байрлуулж эхэлжээ.

Унгарын хилээр зарим өдөр 9000 гаруй цагаач болон дүрвэгч нэвтэрч байгаа аж.

Мөн тус улсын Засгийн газар хилийн хяналтаа чангатгах хуулийг мягмар гарагт баталжээ. Энэ хуулийн хүрээнд Сербитэй залгаа хилийн дагуу саяхан барьсан хамгаалалтын хаалтыг эвдэж гэмтээсэн хүмүүсийг шийтгэнэ. Мөн хүний наймаачдад хатуу шийтгэл ногдуулна.

Шинэ хуулийг зөрчсөн 170 гаруй хүнийг Унгарын аюулаас хамгаалах хүчнийхэн хэдийн баривчилжээ.

Үүнээс гадна Румынтай залгаа хилийнхээ дагуу барьсан хамгаалалтын хаалтыг тэлэхээр Унгар бэлтгэж эхэлсэн байна.

Сербид гацсан олон цагаач эсэргүүцлээ илэрхийлж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд