Шинэ эмнэлгийг оношилгооны төв болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдаж байгаа шинэ эмнэлгийн барилгыг ирээдүйд оношилгооны байдлаар хөгжүүлнэ гэж салбарын яам үзэж байна.
Тодруулбал, Замын-Үүдийн боомт хотын нэгдсэн эмнэлэгт онцгой анхаарал хандуулахаа шинээр томилогдсон ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдэгдсэн аж. Тус эмнэлгийн барилгыг эмнэлгийн барилгын зургаар мэргэшсэн цогт инженерийн зургаар барьсан бөгөөд шинэ барилгын мэс заслын хэсэг нь хамгийн сүүлийн үеийн вакум орчныг агуулсан, цэвэр бохирын сүлжээтэй, ачааны, өвчтөний, ажилчдын гэсэн гурван том лифттэй, орц гарцыг нарийн төлөвлөсөн, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг хангасан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулах боломжтой аж.
Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын ерөнхий консулаас Замын-Үүдийн эмнэлэгт 11 сая төгрөгийн мэс заслын тоног төхөөрөмж үнэ төлбөргүй бэлэглэжээ. Цаашид тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй сургах, дадлагажуулах, улмаар шинэ эмнэлэг ашиглалтад орсны дараа тоног төхөөрөмжийн хангалтыг хийхээр болсон байна.
Х.Эрдэнэбулган