10 мянга орчим албан тушаалтан ХОМ-ээ шинэчлэн бүртгүүлжээ

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-01-21 13:45:55

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд зохих журмын дагуу үргэлжилж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 274 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт, бусад мэдүүлэг гаргагч 40 мянга орчим албан тушаалтан харьяа байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгээ бүртгүүлэх ёстой. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар 10 мянга орчим албан тушаалтан https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд сар шинийн баяр 2 дугаар сарын 8-11-ний өдөр тохиож буй тул хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ яаравчлан бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдад болон мэдүүлэг гаргагч нарт анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ