Дүрвэгчдийн асуудалд европчууд харилцан адилгүй хандаж байна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-14 10:01:23

БРЮССЕЛЬ. /ВВС/. Ойрхи Дорнод болон Африкийн дүрвэгчдийг хүлээж авахыг гишүүн улсууддаа уриалсантай холбоотойгоор Европын Холбооны /ЕХ/ улсууд даяар ард иргэд нь жагслаа.

Дүрвэгчдийг хүлээж авах санал тус бүс нутгийнхныг туйлшруулж, уг саналыг дэмжсэн болон эсэргүүцсэн жагсаалын аль аль нь болжээ.

ЕХ-ны гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нарын уулзалтын өмнө өнгөрсөн бямба гарагт Европ даяар жагсаал болжээ. Сайд нар өнөөдөр уулзана.

ЕХ-ны хүлээж авах дүрвэгчдийн тоог нэмэн 160 мянга болгож, гишүүн улс бүрт дүрвэгчдийг тодорхой хэмжээгээр тараан суурьшуулах саналыг сайд нар хэлэлцэнэ.

Польшийн нийслэл Варшав хотод бараг 20 мянган хүн жагсан ЕХ-ны хүсэлтийн дагуу 9000 гаруй дүрвэгчийг хүлээж авахыг эсэргүүцжээ.

Мөн дүрвэгчдийг заавал хүлээж авахыг шаардаж байгааг словакчууд эсэргүүцэн жагссан байна.

Харин Их Британийн хэдэн мянган иргэн илүү олон дүрвэгчид орогнох эрх олгохыг засгийн газартаа уриалжээ.

Их британичуудын хэлснээр, ирэх таван жилд 20 мянган хүнийг хүлээж авах засгийн газрын төлөвлөгөө нь хангалтгүй аж.

Дани, Испани болон Португалид мөн олон хүн жагсан дүрвэгчдийг хүлээж авч, хүмүүнлэгийн тусламж  үзүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд