Шинэ оны үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 11:34:16

Дархан-Уул аймгийн ИТХ  болон Засаг дарга нар сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай 2016 оны “Үр дүнгийн гэрээ” байгуулав.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбаттай аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Гэрээ байгуулах “Ёслолын ажиллагаа”-ны эхэнд аймгийн Засаг дарга А.Энхболд: -“Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр бат оршихын утга илэрхийлэхийн хамт харилцан итгэл, хамтын ажиллагаа, сахилга, хариуцлагыг баталгаажуулдаг” хэмээн онцлов. Тэрбээр Засаг дарга А.Энхболд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатартай болон сум, 22 агентлагийн удирдлагуудтай 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар хэлтсийн дарга нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулж тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажууллаа.
Аймгийн Засаг дарга 2016 онд байгуулах “Үр дүнгийн гэрээ”-нийхээ тусгай захиалгат арга хэмжээг бодитой хэрэгжүүлж үр дүнг нь тооцох боломжтой, аймгийн хэмжээнд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих ажил арга хэмжээнүүдийг томьёолон боловсруулж гэрээнд тусгуулсан байна. Тухайлбал Төсвийн тухай болон Шилэн дансны тухай хууль, тэдгээртэй холбогдож гарсан заавар журмыг хэрэгжүүлж байгууллага бүр албан хаагчдын чийрэгжүүлэлтийн танхим байгуулан ажиллах. Гадаад оронд зохион байгуулах сургалтад оролцохдоо аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад Хэргийн яамнаас зөвшөөрөл авч томилолтоор ажилласан үр дүнг тайлагнан ажиллах. Мөн Төрийн байгууллагын удирдлагын цогц системийг үйл ажиллагаандаа байгууллагын удирдлага, албан хаагч бүр бүрэн ашиглаж хэвших зэрэг тодорхой ажлуудыг тусгажээ. Үүнээс гадна агентлаг бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан ирүүлж ямар зорилт дэвшүүлээд ямар үр дүнд хүрснээ “Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайлан”-даа тодорхой дүгнэн ирүүлж байхыг бүх сум, агентлагийн удирдлагуудад үүрэг болголоо.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ