Түүхий арьс, шир экспортолно

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-01-05 13:19:41

Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд ээлжит бусаар хуралдаанаар гаргасан арьс шир экспортлох шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Уг шийдвэрийн хүрээнд энэ сарын 05-наас хоёрдугаар сарын 05 хүртэл арьс, шир экспортлох үйл ажиллагаа зохион байгуулахыг ХХААЯ-нд зөвшөөрсөн юм. Манай улс 2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортонд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан. Харин 2014 онд Засгийн газраас дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор  арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргасан билээ.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед арьс, шир экспортод гаргах нь иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газар үзжээ.

Арьс, шир экспортод гаргах хүсэлтэй иргэн аж ахуйн нэгж доорх бичиг баримтыг бүрдүүлэн МХЕГ-т хүргүүлэх ёстой аж. Үүнд:

-Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн талаархи мэдээлэл, боловсруулалтын байдал, савлалт, хаяг, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл, нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа, тээврийн хэрэгслийн төрөл, сери дугаар, замын чиглэлийг тодорхой бичсэн байх/

-Худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ, түүнтэй адилтгах бичиг баримт

-Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Бодис, бараа, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэл

-Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн

-Амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг /инвойс, сав, баглаа боодлын мэдээлэл/
Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Экспортын гэрчилгээний үнэ/

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ