Цэцэрлэгийн хүүхдүүдийг 27, 28-нд бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-07 19:42:20
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ хамруулах хүсэлтэй иргэдийн хөлд цэцэрлэгүүд дарагддаг. Манай аймгийн тухайд 2018-2019 оны хичээлийн жилд хичнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдах нарийн тоо гараагүй байгаа бөгөөд бүртгэлийг энэ сарын 27,28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгааг аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал мэдэгдлээ.

2017-2018 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны нийт хүүхэд багачуудын 91,4 хувь хамрагдсан бол энэ хичээлийн жил болон 2019-2020 оны хичээлийн жилд нийт 3 цэцэрлэг ашиглалтад орсноор 94,3 хувьд хүрэх ажээ.

Дархан сумын 8-р багт 150 ортой, 9-р багт 100, 150 ортой цэцэрлэгүүд удахгүй баригдаж дуусах ч энэ ондоо  хүүхэд хүлээн авах боломжгүй юм. Учир нь багшийн цалин, ширээ сандал, тогтмол зардал, тоглоом, тохижилт, хувьсах зардлын төсвийн төслийг ирэх оны төсөв тусгуулахаар БСШУЯ-д өргөн бариад байна. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 300 багш ажилладаг. Багш нар  жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө бага хурлаа хийдэг. Энэ жилийн багш нарын бага хурал 24-26-ны өдрүүдэд болох бөгөөд энэ хурлын дараагаар цэцэрлэгийн бүртгэл хийхээр төлөвлөжээ.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ