Хабитат хороолол руу тавих авто замын хөрөнгийг 2019 оны улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-07 01:00:59
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Шинэ, хуучин Дарханыг холбосон 8 км авто замын эхний үе шат болох 2.4 км авто замыг Орон нутгийн төсвөөр 2016 онд ашиглалтад оруулсан. Энэхүү авто замын үргэлжлэл нь Олон улсын худалдааны төвийн арын авто замын уулзвараас Хабитат хорооллын чиглэлд тавигдах 1.5 км авто зам юм.

Тус авто замын ажил иргэдийн хувьд ихээхэн хүлээлттэй байгаа. Учир нь тус чиглэлийн автозам нь жил бүрийн аймаг орон нутгийн төсөвт тусна, эсвэл сонгуулийн үеэр нэр дэвшигчид замтай болгоно гэсэн амлалтыг өгсөөр хэдэн жилийг өнгөрөөсөн. Энэ жилийн тухайд бороо их орж байгаа учраас замын эвдрэл, энхэл донхол улам нэмэгдэж байгааг тус чиглэл такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар хэлж байна.

Иймээс  аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулан ажилласны үр дүнд 2019 оны Улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгахаар Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн дэмжигдсэн аж. Харин Сангийн яам, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэж байж эцсийн шийдвэр гарах талаар ажлын албаныхан мэдээлж байна.
Дархан сумын 15 дугаар багт хийгдэж буй автозамын ажлууд алсыг харсан төлөвлөгөөтэйгөөр шат дараалан хийгдэж байгааг иргэдийн төлөөллүүдэд аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх хэлж байв. Түүнчлэн дээрх автозамын ажил Дархан хотын “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд багтсан төлөвлөгөөт ажил юм.
Учир нь 15-р багийн Хабитат хорооллын баруун тал Дархан сумын 14-р хороолол баригдах бөгөөд тэнд зөвхөн хаус хотхоныг бий болгохоор төлөвлөсөн аж. Ингэснээр тус хотхоны эхний автозам баригдах учиртай ажээ.
 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ