Худалдааны төвийн автомашины зогсоолд нисэх онгоц осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-06 18:02:06
КАЛИФОРНИ. /Би-Би-Си/. Өнгөрсөн ням гарагт Калифорни муж улсын Санта Ана хотын нэгэн худалдааны төвийн автомашины зогсоолд жижиг нисэх онгоц осолдож, 5 хүн амиа алдсан байна.

“Жон Уэйн” нисэх онгоцны буудлыг зорин нисч байсан хос хөдөлгүүрт “Цессна” нисэх онгоц буух газраасаа 1.6 километрийн наана осолджээ. “Онгоцны бүхээгт байсан 5 хүн бүгд амь үрэгдсэн байна” гэж Оранж тойргийн гал түймэртэй тэмцэх албаныхан мэдээлсэн байна.  

Онгоц осолдохын өмнө онгоцны нисгэгч онц байдал зарласан бөгөөд үндэсний тээврийн газрын мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Дэлгүүрийн зогсоол дээр байсан улаан автомашиныг нисэх онгоц мөргөн унасны дараахан тус орон нутгийн гал түймэртэй тэмцэх газарт яаралтай дуудлага ирсэн байна. Онгоцны мөргөсөн автомашины эзэн аз болоход дэлгүүрт байсан байна. Ойр орчимд байсан хүмүүсийн мэдээлснээр, онгоц хамраараа газар мөргөн унажээ.

Э.Хулан

Холбоотой мэдээ