ӨВӨРХАНГАЙ: Арвагар хээрийг мөнхөлсөн Адууны баяр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-07-19 13:47:38

Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/.  Домогт хурдан хүлэг Арвагар хээрийг түүхнээ тодотгон мөнхөлж, монгол адууны өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Өвөрхангай аймагт анх удаа Адууны баярыг зохион байгуулж байна.

Аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын ЗДТГ, Аялал жуулчлалын холбоо хамтран “Арвагар хээр – Horse festival” адууны баярыг 7 дугаар сарын 18, 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.





Энэ үеэр 12 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ба Гүүний үр сүү гаргах зан үйлээр ёслол төгөлдөр эхэллээ. Тэгш сайхан талд өглөө эртлэн зэлээ татаад хамгийн түрүүнд төрсөн ууган унагыг зэллэн хадаг зүүж, гүүгээ амлуулдаг ёстой. Ингэхдээ гүүг эрэгтэй хүн сааж, анхны саамыг уурганд дүүжлэн морьтой хүмүүс дамжлан гүүн зэлийг нар зөв тойрдог эртний уламжлал, ёс заншлыг “Арвагар хээр – Адууны баяр”-аар ёсчлон үйлдэв.



Мөн “Арвагар хээрийн хатираа” морьтон парад, “Тэлмэн жороо” морьдын уралдаан, Сайхан морьтой хос шалгаруулах тэмцээн, Морьт харвааны үзүүлбэр, Буухиа тэмцээнээр монгол морины ид хав, эрэмгий хурд, үзэмж төгс байдлыг харуулж, “Гүүтэй айлын гүзээтэй хүүхэд” айраг уух, аравдах, дэмбээдэх зэрэг нүүдэлчин ахуй амьдрал, өв соёлыг илтгэсэн олон сайхан уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа. 


 

Наадмын хоёр дахь өдрийг “Мянган морины туурайн төвөргөөн”-ийг тамгалж үлдээх ёслолоор эхлүүлж, морин дээрээс уурга, шагай шүүрэх, өсвөрийн бөхийн барилдаанаар үргэлжилж байна. 








Холбоотой мэдээ