Цөмийн дайны уршгийг судлах шинжээчдийн бүлэг байгуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 19 /Kazinform/. Цөмийн дайнаас учрах хор уршгийг орон нутгийн, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд судлах үүрэг бүхий бие даасан шинжээчдийн бүлэг байгуулснаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.
НҮБ-ын цахим хуудсанд мэдээлснээр, 21 шинжээчээс бүрдэх тус бүлэг нь нийгмийн эрүүл мэнд, экосистемээс эхлээд хөдөө аж ахуй, дэлхийн нийгэм-эдийн засгийн тогтолцоо хүртэл амьдралын бүхий л салбарт цөмийн дайн хэрхэн нөлөөлж болохыг шинжлэн судлах ажээ. НҮБ-аас хамгийн сүүлд ийм салбар дундын томоохон судалгааг бараг 40 жилийн өмнө буюу 1988 онд хийсэн байна.
Бүлгийг байгуулахдаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд тулгуурласан бөгөөд мэргэжилтнүүдийг томилох үндсэн шалтгаан нь дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал болсон байна. НҮБ-ын үзэж байгаагаар, цөмийн дайн дэгдэх эрсдэл хүйтэн дайны үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Цөмийн зэвсэг нь шахалт үзүүлэх хэрэгсэл болсоор байгаа бөгөөд цөмийн зэвсгүүд шинэчлэгдэж байна. Цөмийн зэвсгийн өрсөлдөөн бодит байдал болох эрсдэл улам бүр нэмэгдэж, цөмийн аюулаас сэргийлэх, тогтоон барих олон улсын механизм, тогтолцоонууд нурж эхэлжээ.
Шинэ бүлгийн гишүүд нь шинжлэх ухааны янз бүрийн салбарын төлөөлөгчид бөгөөд салбар салбарынхаа тэргүүлэх мэргэжилтнүүд юм. Тэд олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид, цацрагийн хор уршгийг амссан хүмүүс зэрэг өргөн хүрээнд мэдээлэл цуглуулахыг зорьж байна.
Дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл багтсан тус бүлэг анхны уулзалтаа ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөжээ. Шинжээчид эцсийн тайлангаа 2027 онд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейд танилцуулах юм.