А.Усик дэлхийн үнэмлэхүй аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 20. /ТАСС/. Украины боксчин Александр Усик хэт хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолоо эргүүлэн авлаа. Лондон хотноо болсон тулаанд тэрбээр Их Британийн боксчин Даниэл Дюбуаг 5 дугаар үед нокаут буюу хүнд цохилтоор буулган авчээ.
Хоёр боксчин хоёр дахь удаагаа
халз тулалдсан нь энэ юм. Хоёр жилийн өмнө болсон эхний тулаанд Усик
өрсөлдөгчөө 9 дүгээр үед хүнд цохилтоор ялж байв. Энэ удаагийн тулаан эхний
тулаантай төстэй байдлаар өрнөлөө. Усик илүү идэвхтэй, илүү хурдан хөдөлгөөнтэй
тоглосон тул илт давуу байдлыг олж авчээ. Харин Дюбуа 4 дүгээр үед хэд хэдэн
удаа аюултай цохилт хийсэн хэдий ч өрсөлдөгчийнхөө хурдыг гүйцэхгүй байв.
5 дугаар үед өрсөлдөгчөө буланд
шахсан Усик баруун гараараа угтуулан цохисноор Дюбуа нокдаунд оржээ. Тэрбээр
хэдхэн секундийн дараа босож ирсэн боловч дахин зүүн гарын хүчтэй цохилтод өртсөнөөр хөл дээрээ тогтож чадсангүй. Шүүгч 10 тоолсны дараа тулааныг зогсоосон байна.
200 сая гаруй ам.долларыг хувааж
авав
Ингэснээр 38 настай Усик Дэлхийн
боксын холбооны /WBA/, Дэлхийн боксын байгууллагын /WBO/ дэлхийн аварга цолыг 5
дахь удаагаа хамгаалж, Дэлхийн боксын зөвлөлийн /WBC/ дэлхийн аваргын бүсийг 2
дахь удаагаа хүртсэн бол анх удаагаа Олон улсын боксын холбооны /IBF/ дэлхийн
аварга боллоо.
Өнгөрсөн 2024 онд Их Британийн боксчин Тайсон Фьюритэй тулалдаж ялсан тэрбээр анх удаагаа дэлхийн үнэмлэхүй аварга болсон билээ. А.Усик одоогийн байдлаар мэргэжлийн боксын рингэнд 24 удаа ялалт байгуулж, нэг ч удаа ялагдаагүй байна. Тэрбээр өмнө нь 90,71 кг-ийн жинд WBO, IBF, WBA, WBC гэсэн дөрвөн холбооны аваргын бүсүүдийг эзэмшиж байсан юм.
Харин 27 настай Дюбуа энэ удаад IBF-ийн
аварга цолоо хамгаалж чадсангүй. Тэрбээр 2024 оны 9 дүгээр сард Жошуаг 5 дугаар
үед хүнд цохилтоор буулган авснаар аварга болж байсан юм. Одоогийн байдлаар Дюбуа гурав дахь ялагдлаа
хүлээж, 22 ялалт байгуулаад байна.
Энэ удаагийн тулаанд ялсан Усик 132
сая ам доллар, Дюбуа 71 сая ам.долларын мөнгөн шагнал авах юм. Хамгийн сүүлийн
үеийн мэдээллээр, А.Усик 2026 оны 4 дүгээр сарын 18-нд Тайсон Фьюритэй гурав
дахь удаагаа тулалдах ажээ.