Алтан дарь овооныхоо тахилгыг зорьж явган алхаж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-27 13:40:28
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Хан-Уул дүүргийн спорт явган аяллын клубын гишүүн, спортын мастер Д.Очирхуяг Алтан дарь овооныхоо тахилгыг зорин Улаанбаатар хотоос явганаар иржээ. Тэрээр Улаанбаатар хотоос гараад төрөлх нутагтаа ирж, улмаар Асгат сум, Талын агуй, Шилийн богд, Дарьганга сум гэсэн маршрутаар найм хоног явсан байна.

“Алтан дарь овооны 105 жилийн ой, аймгийн соёлын ордон үүсэн байгуулагдсаны 60 жил, Хөгжимт драмын театрын 30 жилийн ой, Спорт явган аяллын 25 жилийн түүхэн ойг тохиолдуулан ээлжит явган аяллаа хийж байна. Улаанбаатар хотоос гараад зургаан хоног нартай, хоёр хоног усан бороонд шившүүлэн явж ирлээ. Хамгийн сүүлд зургаан жилийн өмнө нутагтаа ирсэн. Энэ удаа олон түүхт ойнууд давхцсан, дээрээс нь Алтан овооны төрийн тахилга болж буй учир зорин зорин ирлээ. Асгат сум бол аавын минь төрсөн нутаг. Тиймээс аавынхаа нутгаар дамжиж хүндэтгэл үзүүлсэн. Сэтгэгдэл үнэхээр сайхан байна” хэмээн тэрээр нүдэндээ нулимстай ярилаа.

Д.Очирхуяг одоо 58 настай. Спорт явган аяллаар есөн жил хичээллэж байгаа ажээ. Тэрээр хамгийн хол аяллаа клубын гишүүдийн хамтаар 2015 онд, Монгол орны урд цэг Өвөрхангай аймгийн Орвог хошууны бор толгойгоос хойд цэг буюу Хөвсгөл аймгийн  Монгол шарын даваа хүртэл хийсэн байна. Ингэхдээ нийт 54 хоног алхсан гэнэ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ