Говь-Алтай аймгаас зургаан сурагч ЭЕШ-д 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-02 17:55:07
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд монгол хэл, нийгэм, физикийн хичээлээр зургаан сурагч 800 оноо авсан байна.

Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Өлзийсайханы Мягмардаш Физикийн хичээлээр, тус сургуулийн сурагч Намсрайжавын Элбэгжаргал, Ганзориг Лхамбаасан нар Нийгмийн ухааны хичээлээр, Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Орхоны Түмэндэмбэрэл, Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Зоригоогийн Хонгорзул, Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн сурагч Болдбаатарын Мөнгөнцэцэг нар монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авчээ.
 
Тус аймагт их дээд сургуулийн хуваарь сонголт долоодугаар сарын 01-05 өдрүүдэд Есөнбулаг сумын хоёрдугаар сургууль дээр зохион байгуулагдаж байна. Өмнөх оны болон 2018 оны төгсөгчид нийт 870 сурагч ЭЕШ өгсөн бөгөөд 720 элсэгч их дээд сургуулийн консерциумын хуваарь авахаар бүртгүүлсэн байна. Харин МУИС, Хууль сахиулах ИС, СЭЗДС зэрэг сургуулиуд онлайнаар бүртгүүлсэн элсэгчид, их дээд сургуулийн урилга, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагчид, ЭЕШ-аар 410-аас доош оноо авсан сурагчид, нийт 150 элсэгч бүртгүүлээгүй байна.
“Энэ жил  Говь-Алтай аймагт 1909 хяналтын тооны хуваарь батлагдаж ирсэн. Хуваарь сонголтын эхний хоёр өдөр элсэгчдийн бүртгэл, ур чадварын шалгалт авсан бол маргаашнаас хуваарь сонголт албан ёсоор эхэлнэ” хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэв.
Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ