Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-29 17:02:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2003-2016 онд аймгийн Засаг даргын захирамжаар Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшээд тухайн зориулалтаар 2 жил дараалан газраа ашиглаагүй 116 иргэн, аж ахуйн нэгж байна.
Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болдог.
Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний 27/03 дугаар хуралдааны тэмдэглэлээр аймгийн ГХБХБГ-т үүрэг чиглэл өгч, Арвайхээр хотын инженерийн шугам сүлжээ бүхий газруудад хяналт шалгалт хийн зориулалтын дагуу ашиглаагүй бол зөвшөөрлийг хүчингүйд тооцох хүртэл арга хэмжээ авахыг даалгасан бөгөөд энэ даалгаврын хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар авч хэлэлцлээ.
Эзэмшил газраа хуулийн хугацаанд эзэмшиж, тухайн зориулалтаар газраа ашиглаагүй газар эзэмшигчдэд арга хэмжээ авах, сонсгох ажиллагаа явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
Аймгийн ГХБХБГ-аас 2012-2017 оны хооронд Газрын тухай хуулийн дагуу 6 иргэн, 8 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 5 аж ахуйн нэгж, 17 иргэнд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах хугацаатай албан мэдэгдэл хүргүүлжээ.
Б.Батчимэг
 

Холбоотой мэдээ