Калифорнид буутай этгээдүүд халдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСАН-БЕРНАРДИНО. /BBC/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотын нийгмийн үйлчилгээний төвд буутай халдаж, 14 хүний аминд хүрсэн 3 этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдэд тусламж үзүүлдэг “Инланд бүсийн төв”-д болсон халдлагын үеэр 17 хүн шархадсан байна.
Цэргийн загвартай хувцас өмссөн буутай этгээдүүд барилгад орж ирэн, хүмүүсийг буудсаныхаа дараа хар өнгийн спорт загварын машинд суун зугтсан байна.
Сан-Бернардино дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн газар олон нийтийн арга хэмжээ зохиож байх үеэр, хурлын хэсэгт халдлага болсон тухай тус төвийн захирал Мэйбет Фиелд мэдээлэв.
Террорист халдлага байсан эсэхийг мэдэхгүй байна гэж АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооны ажилтнууд хэлсэн бол дотоод терроризм байх магадлалтай гэж тус хотын цагдаа нар үзэж байна.
Ерөнхийлөгч Барак Обама уг явдлын талаар үг хэлсэн байна. “Дэлхийн өөр аль ч улсад байхгүй, галт зэвсэг ашигласан хэрэг гардаг хэв загвар бий болсныг бид мэднэ. Эдгээр ослыг бүр таслан зогсоохгүй гэхэд давтамжийг нь багасгахын тулд бидэнд хийж болох алхам байгаа” гэж тэрбээр хэлжээ.
Х.Аминаа