Цагаан ордон TikTok хаягтай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-20 14:29:22

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 20 /CNN/. Цагаан ордон мягмар гарагт TikTok хаяг нээжээ. Тус платформын толгой компани болох Bytedance нь Америкийн худалдан авагчид уг аппликейшнийг худалдах эсвэл Америкт TikTok”-ыг ашиглахыг хориглох хугацаа ойртож байгаа үед энэ үйл явдал болж байна.


Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргааны үед баталсан худалдах эсвэл хориглох тухай хууль хэрэгжиж эхлэх эцсийн хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  удаа дараа сунгаж байгаа бөгөөд хамгийн сүүлд гаргасан шийдвэрийн дагуу уг хугацаа есдүгээр сарын 17-нд буюу сар орчмын дараа дуусах юм.


TikTok Хятадын эзэмшилд байгаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна хэмээн санаа зовниж буй хууль тогтоогчдын саналын дагуу өнгөрсөн жил хоёр намын дэмжлэгтэйгээр гаргасан шийдвэрийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулснаар Америкийн 170 сая хэрэглэгч уг платформыг үргэлжлүүлэн ашигласаар байна.


АНУ дахь “TikTok-ын хувь заяа цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр байгаа боловч Цагаан ордон албан ёсны хаягаа нээсэн нь уг аппликейшнийг цаашид хэрэглэх байх гэсэн таамаглалыг төрүүлж байгаа юм.


Цагаан ордны албан ёсны TikTok хаягт нийтэлсэн эхний дүрс бичлэгт Д.Трамп Өдөр бүр би энэ улсын ард түмэнд илүү сайхан амьдралыг бэлэглэх зорилго тээн сэрдэг. Би бол та бүхний дуу хоолой хэмээн хэлж байгаа нь харагдана. Уг нийтлэлийн тайлбарт “Бид эргэн ирлээ! TikTok-оор сонин юу байна?” гэж бичжээ. Мягмар гарагт нээсэн уг хаяг оройн 20:00 цагийн байдлаар 20 мянга гаруй дагагчтай болжээ.


Энэ бол Америкийн засаг захиргааны анхны албан ёсны TikTok хаяг юм. Д.Трамп, Ж.Байден нар 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр уг платформд хаяг нээж байсан бөгөөд тэд өмнө нь уг аппликейшнтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байсан тул олны шүүмжлэлд өртөж байлаа.


Хятадын тал үндэсний аюулгүй байдлын хуулиа ашиглан TikTok” дахь АНУ-ын хэрэглэгчдийн их хэмжээний хувийн мэдээлэлд нэвтэрч магадгүй хэмээн санаа зовниж байгаагаа АНУ-ын засгийн газар илэрхийлж байсан юм. Өнгөрсөн онд Ж.Байден гарын үсэг зурсны дараа TikTok”-ыг худалдах эсвэл хориглох тухай хууль нэгдүгээр сарын 19-нд хэрэгжиж эхэлсэн юм. Улмаар “TikTok богино хугацаанд хаагдсанаар контент бүтээгчдийн дургүйцлийг төрүүлсэн боловч Д.Трамп үүрэгт ажилдаа орсныхаа дараа хориг хэрэгжиж эхлэх хугацааг 75 хоногоор хойшлуулах тушаалд гарын үсэг зурсан билээ. Ерөнхийлөгч уг хугацааг зургаадугаар сард гурав дахь удаагаа сунгажээ.

 


Холбоотой мэдээ