Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад 11 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТАГТ | Орхон
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 16:04:59

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний эл өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын эсрэг тэмцэхийг уриалж, тэмдэглэдэг. Иймд Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо хамтран олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран сургалт, тэмцээн зохион байгууллаа.

Орхон аймгаас ДОХ-ын халдвар тээгч бүртгэгдээгүй ч бэлгийн замын өвчлөл өндөр байдаг тул сургалт, сурталчилгаа байнга зохион байгуулах шаардлага гардаг гэж эмч нар хэлж байна. Тухайлбал, энэ оны эхний арван сарын байдлаар халдварт өвчний 969 тохиолдол бүртгэгдсэний 269 нь буюу 27.2 хувь нь бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ. Үүнээс 20 буюу 7.04 хувь нь заг хүйтэн,  196 буюу 72.8 хувь нь тэмбүү, 53 буюу 19.7 хувь нь трхимониз эзэлж байна. Манай улсад ДОХ-ын халдвар авсан иргэдийн 98.4 хувь нь бэлгийн замаар уг өвчин туссан байдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 191 тохиолдол бүртгэгдээд байна. Цаашид энэ тоог өсгөхгүйн тулд олон талт арга хэмжээ зохион байгуулах хэрэгцээ байгаа юм.  Орхон аймаг гэхэд Орон нутгийн төсвөөс 11 сая төгрөг төсөвлөж сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээлэл түгээхэд зарцуулжээ. 

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ