Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-30 22:29:14
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв /УЦУОШТ/-өөс хөрсний угтвар чийгийг нэмэгдүүлж, бэлчээрийн ургамал сэргэн ургах нөхцлийг эрт бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Есөнбулаг, Бугат сумдын ойролцоо газруудаас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд тус аймгийн Есөнбулаг, Бугат, Халиун сумдад 0.2 мм, Тонхилд 3.0 мм, Алтай, Цогт, Эрдэнэд 2.0 мм, Төгрөгт 4.0 мм, Цээлд 1,0 мм, Чандманьд 5,0 мм хур тунадас орлоо хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв. Үүлэнд зориудаар нөлөөлснөөр үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон хөрсөнд унах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энэ үйл явц амьтан, ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй болохыг Дэлхийн Цаг уурын байгууллага тогтоожээ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ