Умард солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-13 16:02:54
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ онд умард солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 111 сая ам.доллар хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

НҮБ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд дурдсанаар, Пхеньянд үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гадна НҮБ-ын харьяа бусад дөрвөн байгууллагын салбарууд болон Европын иргэний нийгмийн таван байгууллага хүнсний аюулгүй байдал нь алдагдаад буй Умард Солонгосын 13 сая иргэнд энэ онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа  аж.

Өнгөрсөн онд НҮБ умард солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгээс 114 сая ам.долларын хандив гуйсан ч үүний ердөө 30 хувь нь цугласнаар ердөө 6.5 сая хүнд л тусалж чадсан байна. Уг нь тус байгууллага Умард Солонгосын  18 сая иргэнд туслахаар төлөвлөөд байжээ.

Умард солонгосчуудад олон улс өнгөрсөн онд төдийлөн гараа сунгаагүй нь цөмийн болон пуужингийн туршилттай холбогдуулан Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдтэй холбоотой байж магадгүй юм гэж шинжээчид үзэж байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ