Усэйн Болт Германы хөлбөмбөгчидтэй бэлтгэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-03-28 15:57:14
БЕРЛИН. /Анадолу/. “Дэлхийн хамгийн хурдан хүн”, “цахилгаан” хочит Усэйн Болт саяхан Германы хөлбөмбөгийн “Боруссия Дортмунд” багийнхантай хамт бэлтгэл сургуулилт хийжээ.

Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, Ямайкийн ойрын зайн гүйлтийн алдарт тамирчин У.Болт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус багийнхны хамт Берлин хотод бэлтгэл сургуулилт хийсэн байна. Уг сургуулилтыг 1400 орчим хүн үзэж сонирхсон гэнэ.

Сургуулилтын тоглолтын үеэр У.Болт хоёр гоол оруулсны нэгийг нь толгойгоороо, нөгөөг нь торгуулийн цохилтоор оруулсан байна.

У.Болт нь олимпоос есөн алтан медаль хүртсэн тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн онд болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий дараа зодог тайлсан билээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ