Хятад улс Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлт хийнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-14 11:03:41
БЭЭЖИН /МОНЦАМЭ/. Өнөөдөр Бээжин хотын Ардын их хурлын ордонд XIII удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы дөрөвдүгээр Бүгд хурал зохион байгуулагдаж холбогдох албан тушаалтнууд “Хянан байцаах хууль”-ийн төсөл болон Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.
Тухайлбал, БХАТИХ-ын дэд дарга Ли Женьгуо “Хянан байцаах хууль”-ийн төслийн талаар танилцуулахдаа “энэхүү хууль нь Хятад улсын хянан байцаах механизмын өөрчлөлт, шинэчлэлтэд чухал ач холбогдолтой. Хуулийг батласнаар намын авилгатай тэмцэх ажлыг нэгдмэл удирдлагатай болгож, уг ажлын эрх мэдэл болон үр дүнг нэмэгдүүлэхээс гадна эрх зүйн баталгаа болж, орчин цагийн шаардлагад нийцэх юм” хэмээв.
Дараа нь Төрийн зөвлөлийн гишүүн Ван Юн Төрийн зөвлөлд орох бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр БНХАУ-ын Төрийн зөвлөлд орчин цагийн шаардлагад нийцсэн өөрчлөлтүүд орж, 8 яам, дэд яамны зэрэглэлтэй 7 байгууллага хасагдаж нийт 26 яамтай болно. Ингэхдээ зарим нэгэн яамд, түүний харьяа байгууллагуудыг хооронд нь нэгтгэсэн байна.
Энэхүү хуулийн төслүүдийг 14-ний өдөр БХАТИХ-ын хуралдаанаар хянан хэлэлцэж, 16-ны өдөр батлах эсэхийг шийдвэрлэх юм.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ