Дэлхийг алмайруулсан В.Путиний супер зэвсгүүд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-06 18:02:52
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын парламент болох Холбооны хуралд илтгэл тавих үеэрээ одоо туршиж байгаа болон Оросын армийн зэвсэглэлд хэдийнэ шилжсэн 6 шинэ төрлийн зэвсгийн талаар дурдахдаа тэдгээрийг дүрс бичлэгээр үзүүллээ. Эдгээр зэвсэг нь Орос улсын цэрэг-стратегийн боломжийг шинэ түвшинд гаргана гэдэг нь тодорхой болжээ.

Стратегийн зориулалттай, дуунаас хэт хурдан бөгөөд физикийн шинэ зарчмуудад суурилсан хэт орчин үеийн зэвсгүүд нь эсрэг талын хамгаалалтын системд өртөхгүйгээр цөмийн болон цөмийн бус цохилтыг дэлхийн аль ч цэгт өгөх боломжтой гэдгийг В.Путин онцоллоо. Ингэснээр Орос улсын аюулгүй байдал ойрын 10 жилийн хугацаанд баталгаатай хангагдлаа гэж салбарын зарим шинжээчид үзэж байна. Үнэхээр ийм боломж бүрдсэн эсэхийг техникийн үүднээс хэрхэн тайлбарлах вэ? Тайлбар болон баримтууд маш олон байгаа учраас тэдгээрээс товчлон эдгээр зэвсгийг ерөнхий байдлаар нь тоймлон танилцуулахыг оролдлоо.    
 
1. “Сармат” тив алгасагч стратегийн хүнд пуужин
 
В.Путин эн түрүүнд тив алгасагч “Сармат” пуужингийн системийн туршилтын идэвхтэй үе шат эхэлснийг дурдлаа. Гэхдээ уг системийг зарчмын хувьд цоо шинэ төрлийн зэвсэг гэх нь учир дутагдалтай. Шинэ төрлийн пуужин нь ЗХУ-ын үед буюу 1970-аад онд байлдааны жижүүрлэлтэд гарч байсан Р-36 ОРБ /Воевод гэж нэрлэх нь бий/ буюу барууныхны нэрлэснээр “Сатан” пуужингийн  сайжруулсан хувилбар аж.  “Сатан”-ы тусгал нь 11 мянган км бол  “Сармат” пуужингийн цогцолборын хувьд тусгалын хязгаар гэж бараг байхгүй. Путиний хэлснээр, уг пуужин Хойд болон Өмнөд туйлын дээгүүр даван нисч, байгаа онилон устгах чадвартай ажээ. Түүний үзүүлсэн дүрс бичлэгт уг пуужин Хойд туйлын дээгүүр даван нисч, АНУ-ын нутагт цохилт өгч буйг харуулсан байна.


 
Гэхдээ “Сармат”-ын хамгийн гол давуу тал бол дуунаас хэт хурдан бөгөөд алсын удирдлага бүхий салдаг блокууд юм. Энэ давуу байдал нь дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийн радарт өртөхгүй байх, ингэхдээ 10 байг нэгэн зэрэг устгах боломжийг олгоно. Эсрэг талын агаарын довтолгооноос хамгаалах систем хэчнээн боловсронгуй байлаа ч гэсэн энэ пуужинд саад учруулж чадахгүй гэдгийг В.Путин онцоллоо. Түүнээс гадна 200 тонн жинтэй энэхүү аварга том пуужин хурдаа авахын тулд маш богино зайг туулдаг нь бас нэгэн давуу тал болой.
 
Дайсны тал “Сармат”-ын нислэгийн чиглэлийг урьдчилан тодорхойлох боломжгүй учраас пуужингийн довтолгооноос хамгаалах тойрог хэлбэрийн системийг байгуулахаас аргагүйд хүрнэ. Гэтэл энэ нь асар өндөр өртөгтэй ба тэр хэрээрээ үр дүнтэй байж чадахгүй юм.  
 
Дашрамд дурдахад, Р-36 ОРБ пуужингийн цогцолборыг Стратегийн цөмийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнд заасны дагуу 1983 онд байлдааны жижүүрлэлтээс буулгажээ. Харин одоо “Сармат”-ыг 2019-2020 онд зэвсэглэлд хүлээн авах бололтой. 
 
2. Пуужингийн “Кинжал” цогцолбор
 
Путиний танилцуулсан өөр нэгэн хэт орчин үеийн зэвсэг бол маш оновчтой тусгал бүхий дуунаас хэт хурдан “Кинжал” пуужингийн цогцолбор юм. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Өмнөд цэргийн тойрогт уг цогцолборыг байлдааны жижүүрлэлтэд гаргасан байна. Ерөнхийлөгч үг хэлэх үеэрээ үзүүлсэн дүрс бичлэгт амдан сөнөөгч МиГ-31 онгоцноос пуужинг харваж буйг харуулсан бөгөөд уг пуужин дууны хурдаас 10 дахин өндөр хурдаар нисч, нислэгийн явцад хүнд хэцүү маневруудыг хийж байлаа.



Харин зарим шинжээчдийн үзэж байгаагаар, “Кинжал” бол нэг ёсондоо агаарт байрлалтай “Искандер” пуужингийн цогцолбор бөгөөд хүмүүсийг алмайруулахаар ер бусын гайхалтай зүйл огт биш аж. Өөрөөр хэлбэл, хатуу түлшээр ажилладаг пуужинг сөнөөгч онгоцонд бэхэлсэн гэсэн үг. “Искандер” ч гэсэн мөн адил “дуунаас хэт хурдан” пуужин билээ. 

Зарим мэдээллээр бол, уг пуужинг зохион бүтээх ажил бүр 1980-аад оны үед эхэлсэн байна. Ерөнхийд нь харвал, “Кинжал” нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг устгах зорилгоор Зөвлөлтийн үед зохион бүтээсэн хөлөг онгоц эсэргүүцэх Х-32 пуужингийн нэлээд гүнзгийрүүлэн сайжруулсан хувилбар аж. 
Дүрс бичлэгээс харвал, онгоцноос харвасан пуужин огцом дээш 40 км-ийн өндөрт хөөрснийхөө дараа байг сонгоод түүнийг устгаж байлаа.

3. Нисгэгчгүй шумбагч төхөөрөмж

Путиний онцолсон бас нэгэн төрлийн шинэ зэвсэг бол усан доогуур шумбагч нисгэгчгүй аппарат юм. Ийм төрлийн системийг зохион бүтээх ажил улс орнуудад  маш идэвхтэй явагдаж байгаа аж. Энэ нь усны хэт гүнд, маш хол зайд, асар өндөр хурдтайгаар байндаа хүрч чадах төхөөрөмж юм. Түүний сацуу дуу чимээ багатай, маневрлах чадвар өндөртэй учраас эсрэг талын хамгаалалтын системд огт анзаарагдахгүй гэнэ. Эдгээр төхөөрөмж нь цөмийн болон ердийн цэнэгт хошууг тээж чадах учраас дайсны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг дагалдан явж буй тэнгисийн цэргийн хүчний бүлэглэл болон эргийн хамгаалалтын бэхлэлтүүд, дэд бүтцийг устгаж чадах юм. Хамгийн орчин үеийн шумбагч хөлөг онгоц, торпед, хөлөг онгоцноос хэд дахин давуу хурдтай уг аппаратыг эсэргүүцэн сөнөөх аргыг ямар ч улс орон олж чадаагүй байгаа гэдгийг Путин онцоллоо. Гэхдээ хамгаалалтын нэгэн хувилбар байгаа нь эргийн дагууд нийтэд нь цөмийн мина тавих явдал гэнэ.





Энэхүү “бяцхан атомын шумбагч онгоц”-нд зориулан өнгөрсөн оны 12 дугаар сард цөмийн эрчим хүчний инновацийн хөдөлгүүрийг туршиж дууссан байна. Энэ хөдөлгүүр нь овор хэмжээний хувьд орчин үеийн цөмийн шумбагч онгоцныхноос 100 дахин жижиг боловч хүчин чадлын хувьд илүү, байлдааны бэлэн байдалд шилжих хугацаа нь харьцуулшгүй богино аж.
 
4. Дуунаас хэт хурдан “Авангард” пуужингийн цогцолбор  

Далавчит блок /салдаг хэсэг/ бүхий стратегийн зориулалттай “Авангард” гэдэг нэртэй пуужингийн цогцолборыг амжилттай туршсан болохыг В.Путин дурдлаа. Уг цогцолбор нь агаар мандлын нягт давхаргад 20 Маch /Мах/-аас илүү хурдтайгаар хөдлөх ба байг чиглэх үедээ дээшээ болон хажуу тийш огцом маневр хийдэг учраас пуужингийн довтолгооноос хамгаалах болон агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн радарт өртөхгүй юм.



Дашрамд дурдахад, Мах-ын тоо нь нислэгийн өндрөөс хамаардаг үзүүлэлт бөгөөд газрын гадаргуу дээр цагт 1224 км, 11 км-ийн өндөрт 1062 км  байдаг. Путиний хэлснээр, “Авангард”-ын хурд нь 20 мянган км/цагаас давж байгаа бөгөөд ийм аппаратыг устгаж чадах пуужингаас хамгаалах систем дэлхий дээр одоогоор байхгүй аж. Ердийн баллистик траектороор нисдэггүй, нислэгийн явцад санаанд оромгүй маневрүүд хийдэг учраас түүнийг устгах гэсэн Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн аливаа оролдлого ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг оросууд хэлж байна.

5. Цөмийн хөдөлгүүр бүхий далавчит пуужин
 
Оросын эрдэмтэд далавчит пуужинд байрлуулж болох, овор хэмжээ багатай боловч асар их хүчин чадалтай цөмийн хөдөлгүүр зохион бүтээсэн байна. Ингэснээр пуужингийн тусгалын зай хязгааргүй хол болох ба дайсны агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос хамгаалах системд “баригдахгүй” аж. Нам өндөрт нисдэг бөгөөд цөмийн цэнэг тээгч энэ пуужингийн нислэгийн чиглэлийг /траектори/ тодорхойлох боломжгүйгээс гадна дайсны радарын системийн хамрах хүрээнээс “бултаж” чаддаг давуу тал нь одоо ашиглагдаж байгаа болон ирээдүйд зохион бүтээгдэх ямар ч пуужингийн довтолгооноос хамгаалах системийн галд өртөхгүй байх боломжийг олгоно.  


 
Техникийн хувьд ийм пуужин зохион бүтээх бүрэн боломжтой аж. Юуны түрүүнд, устөрөгч болон түлшний элементүүдийг халаахад хуваагдах урвал явагдана. Уг төхөөрөмж нь бүдүүн тоймоор төсөөлбөл, дотор нь явагдаж буй цөмийн урвалын дүнд улайссан төмөр хоолой юм. Ердийн хатуу түлш бүхий уг хоолой хөөрөхдөө дуунаас илүү хурд авах ба өмнөөс нь ирж буй агаарын урсгалыг халааснаар энэ хурдаа хадгалан нисч чадна. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн пуужин маш удаан хугацаанд нисч чадна гэсэн үг. ЗХУ-ын үед ийм төрлийн пуужин зохион бүтээх төсөл хэрэгжиж байсан бол америкчууд үүнтэй төстэй SLAM гэдэг төслийг хэрэгжүүлж байжээ. Холбооны хурлын төлөөлөгчдөд үзүүлсэн видео роликт уг пуужин хэт нам өндөрт, байгалийн янз бүрийн тогтоцтой газруудаар дамжин нисч буйг харуулсан билээ.  

6. Лазерын зэвсэг

Физикийн шинэ зарчимд тулгуурлан бүтээж буй зэвсгүүд, ялангуяа лазерын зэвсэг нь аюулгүй байдлын салбар дахь Орос улсын боломжийг ихээхэн өсгөж байна гэдгийг В.Путин тэмдэглэн хэллээ. “Зарим улс физикийн шинэ зарчимд тулгуурласан зэвсэг зохион бүтээж байгааг бид мэдэж байгаа. Энэ тал дээр бид тэднээс бүхэл бүтэн алхмаар түрүүлж яваа гэж хэлэх бүрэн үндэслэл бий” гэж тэрбээр онцолсон юм.


 
Физикийн шинэ зарчимд тулгуурласан зэвсэг гэдэг нь цахилгаан соронзон их буу, лазерын зэвсэг, хэт өндөр хэлбэлзлийн зэвсэг, хэт авианы зэвсэг зэргийг хэлж байгаа аж.
 
Б.Адъяахүү
Холбоотой мэдээ