"Пёнчан-2018"-ын хаалтын ёслолд Оросын тамирчид улсынхаа төрийн далбаан дор алхах боломжгүй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-25 10:57:11
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын хаалтын ёслол болохоос өмнө Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээхгүй гэдгээ Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслолд Оросын тамирчдыг улсынхаа төрийн далбаан дор алхахыг ОУОХ зөвшөөрсөнгүй.

Өнөө өглөө ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ “Пёнчаны өвлийн олимпийн сэргээшийн шинжилгээнд Оросын хоёр тамирчин унаад байгаа учир Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг энэ олимп дуусахаас өмнө сэргээх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Оросын тамирчид “Пёнчан-2018”-ын хаалтын ёслолд улсынхаа төрийн далбаан дор алхахгүй” гэжээ. Гэхдээ тэрбээр цааш нь ярихдаа “Хэрвээ Оросын тамирчид цаашид сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчихгүй бол тус улсын Олимпийн хорооны гишүүнчлэлийг сэргээнэ” гэсэн байна.

“Сочи-2014” өвлийн олимпийн үеэр зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр ОУОХ Оросын тамирчдыг улсынхаа нэрийн дор “Пёнчан-2018”-д оролцохыг хориглосон юм. Оросын 168 тамирчин Пёнчаны олимпод “Оросын олимпийн тамирчид” нэрийн дор оролцож байгаа билээ.
 
Энэ сарын 9-нд эхэлсэн Пёнчаны олимп өнөө орой өндөрлөнө. 
Г.Доржханд

Холбоотой мэдээ