Европт улаан бурхны халдвар авагсдын тоо өнгөрсөн онд дөрөв дахин нэмэгджээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2018-02-23 10:03:46
БРЮССЕЛЬ. /Ройтерс/.  Өнгөрсөн 2017 онд Европт улаан бурхны халдвар авсан хүмүүсийн тоо өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ халдварт өвчин тус бүс нутагт 21 мянга гаруй хүнд халдварлажээ.

Энэ өвчний халдвар авсан хамгийн олон тохиолдол Румын, Итали болон Украинд бүртгэгдсэн байна. Европт бүртгэгдсэн улаан бурхны халдварын 72 хувь нь буюу 15 мянган тохиолдол тус гурван улсад бүртгэгдсэн гэнэ. 15 улс, тэдгээрийн дотор Грек, Герман болон Сербид улаан бурхны халдвар авсан 100 гаруй тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдсэн байна.

Улаан бурхан нь амьсгалын замаар, шүлсээр дамжин халдварладаг өвчин юм. Найтаалгах эсвэл ханиах үед энэ өвчний вирус агаарт маш хурдтай тархдаг бөгөөд халдвар авснаас хойш 10 хоногийн дараа бие дээгүүр улаан юм туурах, өндөр халуурах зэргээр анхны шинж тэмдгүүд илэрдэг. 

Халдвар авсан хүмүүс ерөнхийдөө гурван долоо хоногийн дотор эдгэрдэг боловч дархлаа сул, тураалтай хүүхдүүд энэ өвчин туссан тохиолдолд уушгины хатгаа тусаж, хараагүй болох цаашилбал амь насаа алдах аюултай.

Г.Доржханд

Холбоотой мэдээ