Баян-Өлгийн "Иргэний танхим"-ын төсөв хасагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-08 17:32:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Иргэний танхим" төсөв нь хасагдсаны улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Энэ талаар танхимын зохицуулагч М.Мейрамбек мэдээллээ.

Тус "Иргэний танхим"-ийг Монгол Улсын Төсвийн тухай шинэ хуульд тусгагдсан үзэл санааг бодит ажил хэрэг болгох, “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг” батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 176 тоот зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор байгуулсан ажээ. Байгуулагдсан цагаас хойш хуулийн төсөл, аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас санал, мэдээлэл хүлээн авах замаар төр засгийн болон аймгийн түвшинд шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах ажлыг зохион байгуулж иржээ. Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүүжилт болох 10-15 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдэж байсан аж.

Гэвч 2018 оны орон нутгийн төсөвт аймгийн Иргэний танхимд ямар нэгэн хөрөнгө оруулалт, санхүүжилт тусгагдаагүй ба хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа танхимын хоёр ажилтанд цалин олгох, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон гэдгийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат мэдэгджээ.

Харин Иргэний танхимын зохицуулагч М.Мейрамбекийн хувьд уг асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандахаа мэдэгдээд байна.
 

Холбоотой мэдээ