НҮБ Иерусалимын статусын талаарх Д.Трампын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолыг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-22 08:41:34
НЬЮ-ЙОРК. /Киодо/. Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласнаа “буцаах”-ыг АНУ-д уриалсан агуулга бүхий тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт буюу өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины хүсэлтээр ээлжит бус хуралдаан зарлаж, уг тогтоолыг олонхын саналаар баталсан байна.

Тогтоолыг батлахыг 128 улс, тэдгээрийн дотор Монгол, Орос, Хятад болон Япон улс дэмжсэн бол АНУ, Израилиас гадна 7 улс эсэргүүцсэн байна. Харин 35 улс, тэдгээрийн дотор Канад болон Австри санал өгөхөөс түдгэлзжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр зарласантай холбоотойгоор Палестин, Турк болон Йемен дээрх тогтоолын төслийг хамтран боловсруулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барьсан аж.

Санал хураалт явуулахын өмнө Палестины Гадаад харилцааны сайд Рияд аль-Малики үг хэлэхдээ “Д.Трамп ийм шийдвэр гаргасан нь палестинчуудын эрхийг зөрчсөн хэрэг” гэжээ.

1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр израильчууд Палестины Зүүн Иерусалимыг булаан эзэлж, тус хотыг өөрийн улсын “нийслэл” гэж зарласан юм. Үүний улмаас израильчууд болон палестинчууд өнөөг хүртэл зөрчилдсөөр байна. Д.Трамп “Иерусалим бол Израилийн нийслэл мөн” гэж зарласан нь палестинчууд болон Израилийн хоорондын зөрчил мөргөлдөөнийг улам бүр дэвэргээд байгаа юм.

Д.Трампын энэ шийдвэрийг лалын шашинт улс орнууд төдийгүй дэлхий нийт эрс шүүмжилж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ